Menu Close

Зүрх судасны өвчин гэж юу вэ?

Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь Монгол хүний өвчлөл, нас баралтын хамгийн нийтлэг шалтгаан. Өвчлөлийг ”Артерийн даралт ихсэх өвчин” тэргүүлж байгаа бол “Зүрхний шигдээс, тархины харвалт” нь нас баралтын хамгийн их хувийг эзлэдэг. Эдгээр өвчнөөр өвдөхөд хүргэсэн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн “Эрсдэлт хүчин зүйлс” гэдэг. Үүнд: тамхи татах, холестерин хэвийнээс их байх, таргалалт, артерийн даралт ихсэх, чихрийн шижин, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг ордог.

Зүрх судасны өвчинд зүрх болон хүний биеийн бүхий л судаснуудтай холбоотой эмгэгүүд хамаарагддаг. Зүрх судасны өвчин хэрхэн үүссэнээр нь зүрхний булчингийн сулрал, хавхлагуудын эмгэг, төрөлхийн гажиг, нэгэн жигд ажиллаж чадахгүй болсон буюу зүрхний хэм алдагдал, судасны бөглөрөл, нарийсал зэргээр ангилж болно. Эдгээрээс хамгийн нийтлэг тохиолддог нь судасны дотор хананд өөх тосны товруу аажимдаа хуримтлагдаж, бөглөрөл үүсгэдэг судас хатуурлын “атеросклерозын өвчин” юм. Ямар эрхтэний судас бөглөрснөөс шалтгаалж төрөл бүрийн өвчин үүсдэг. Тухайлбал: зүрхнийг өөрийг нь тэжээдэг жижиг судас бөглөрвөл зүрхний шигдээс, тархины судас бөглөрвөл тархины цус харвалт гэдэг. 

Тодорхойлолт:

Атеросклероз нь голчлон холестерины хэмжээ олон жил өндөр байсан, ялангуяа “муу” холестерин буюу “бага нягттай холестерин” өндөр хүмүүст үүсдэг. Холестерол хэвийн хэмжээнээс ихсэх үед артерийн судасны дотор хананд наалдаж, өөр хоорондоо наалдаж хуримтлагдан улмаар үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэхүү товруу, дээрээс нь үрэвслийн процесс нь судсыг нарийсгадаг. Нарийссан судсаар тэжээгдэж байсан эрхтэнд хангалттай хэмжээний хүчилтөрөгч, шим тэжээл очиж чадахгүйн болно. Энэ нь хэрвээ хөлний судас байх юм бол алхах үед хөл нь өвдөнө. Зүрхийг цусаар хангадаг судас нарийсвал цээжээр өвдөх, бачуурах, таагүй байдал үүсгэдэг. Хэрэв энэ судас нь нарийслаас даамжирч бүрэн бөглөрвөл зүрхний шигдээс болдог.

ЗСӨ-өөс эрүүл амьдралын хэв маягийг сонгож урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрвээ ЗСӨ-өөр өвдсөн бол эм болон мэс заслын аргаар эмчлэх, хүндрэлээс сэргийлэх боломжтой.