Зүрхний нөхөн сэргээх эмчилгээний үе шатууд
Зүрхийг нөхөн сэргээх эмчилгээ нь эмнэлгийн нарийн мэргэжилтний тусламжтайгаар хийгдэх 4 шатаас бүрдсэн урт хугацаанд үргэлжилдэг цогц хөтөлбөр юм.
1. Эмнэлэгт хийгдэх анхан шат буюу 1-р үе
Хамгийн түрүүнд өвчтөний биеийн байдлыг үнэлнэ:
- Зүрхний хэмнэл
- Цусны даралт
- Хүчилтөрөгчийн сатурац
- Дээд, доод мөчдийн үйл ажиллагаа
- Өвчтөний түүхийг бүрэн судалж, ямар нэгэн хүндрэл, өөр бусад эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлно.
Мэдлэг олгох сургалтад хамрагдах: Зүрхний эмгэгүүдийн онош, шинж тэмдэг, хэрхэн өөрийнхөө эрүүл мэндэд үнэлгээ өгч, ямар арга хэмжээ авах талаар мэргэжилтнүүдийн зохион байгуулсан сургалтад хамрагдах
(“Зүрх судасны үндэсний төв – Иргэдэд” фэйсбүүк хуудсаар дамжуулан зүрх судасны эмч нарын иргэдэд зориулсан сургалтуудын зар ордог)
Физик эмчилгээ: Өвчтөнийг хөл дээр нь дахин босгохын тулд физик эмчилгээний эмчтэй хамтран орноосоо өндийх, эмнэлэг дотор явах зэрэг энгийн эхний алхмуудыг хийнэ.
Эмнэлгээс гарах үе: Хэвтэн эмчлүүлэгчийг эмнэлгээс гаргах шийдвэрийг эмчлэгч эмч болон нөхөн сэргээхийн баг гаргана.
Энэ үе шатны төгсгөлд та дараах зүйлсийг мэдэж, бэлдсэн байх хэрэгтэй. Үүнд:
- Гэртээ дагаж мөрдөх өөрт тохирсон хөнгөн дасгал
- Өөрийн тухайн үеийн нөхцөл байдал, нөхөн сэргээх хөтөлбөрийн талаар тодорхой ойлголт
- Хэрэв, та зүрхний нээлттэй мэс засал хийлгэсэн бол шархаа арчлах дадалд суралцах
- Шаардлагатай бол таяг, алхагч гэх мэт туслах хэрэгсэл авах
- Боломжтой бол гэртээ хүчилтөрөгчийн аппараттай болох
1-р үе шат дуусаж, гэртээ гарсны дараа зүрхний нөхөн сэргээх хоёр дахь үе шатыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой.
2-р үе шат: Амбулаторийн тусламж үйлчилгээ (эмнэлгээс гарсны дараах, дасгалын өмнөх үе)
Энэ шат нь эмнэлгээс гарсны дараа амбулаторид хийгдэх бөгөөд 3-6 долоо хоног үргэлжилнэ. Энэ шатанд, эмээ хэрхэн уух болон зүрхний үйл ажиллагааны эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө авч хэрэгжүүлэх ёстой бөгөөд бие даан дасгал хийхэд суралцах үе. Өөрөөр хэлбэл өмнөх шатаас олж авсан мэдлэгээ энэ шатад хэрэгжүүлж, зүрхний хэмээ алдахгүйгээр дасгалын эрчмээ бие даан ахиулж хийх дадалд суралцана.
3-р үе шат: Амбулаторийн нөхөн сэргээх эмчилгээний үе.
Өвчтөн зүрхний хүнд хэлбэрийн эмгэгтэй, эсвэл мэс засал хийлгэсэн бол зүрхийг нөхөн сэргээх хөтөлбөр болох 3-р үе шат руу шууд орж болохгүй. Харин зүрхний эмгэг харьцангуй бага хүмүүс шууд шилжиж болно. Учир нь нөхөн сэргээх эмчилгээний 2-р үе шат нь нарийн мэргэжлийн эмчийн хяналт шаарддаг бол 3-р үе шат нь илүү хувийн дасгал, өөрийгөө хянах аргад тулгуурладаг.
Энэ шатанд нөхөн сэргээх эмчилгээ, стресс менежментийн эмчилгээ, хооллолт, тохирсон дасгал хөдөлгөөн хийх зэргээр өвчтөнөөс амьдралын хэв маягаа өөрчлөх тэсвэр тэвчээрийг шаарддаг ч, цаашид илүү эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх их эрмэлзэл бий болдог үе.
3-р шатны эмчилгээ дуусахад өвчтөний эрүүл мэндийн нөхцөл байдал илт сайжирсан, амьдралын хэм маягаа өөрчлөхөд дасан зохицсон байдаг.
4-р үе шат: Сэргээн засах буюу тогтоон барих үе. Энэ шат үндсэндээ насан туршид үргэлжилнэ. 4-р үе мөн л нөхөн сэргээх багийнхны зөвлөсөн дасгал, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг шаардлагатай үед эмчийн туслалцааг авч бусад үед аль болох ганцаараа бие даан дагаж мөрдөхөд суралцах, дадал болгох үе. Үүний тулд хорт зуршлаас бүр мөсөн татгалзаж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийдэг клуб, багш дасгалжуулагчтай болох, стрессээ тайлах шинэ хоббигоо хөгжүүлэх зэргээр эрүүл амьдралын хэв маягийг бүрэн хэрэгжүүлэх шийдвэрээ бататгах хэрэгтэй.