Menu Close

Стресс, нойр

Стресс ба нойргүйдэл зүрхний судасы судасны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Стресс ба нойр хоорондоо нягт уялдаатай.

Хангалттай нойр авч чадахгүй бол хүн ядрах, ууртай болох, өдрийн турш нойрмоглох шинж илэрдэг.

Стресс ихтэй хүмүүс нойргүйдэх эсвэл шөнө дунд сэрэх зэрэг асуудалтай байх нь элбэг.

Хэрвээ стресс ба нойрны дутагдал удаан үргэлжилвэл, биеийн мэдрэл хэт ачаалалд орж, цусны даралт ихсэж, зүрхний цохилт нэмэгддэг.Энэ байдал нь яваандаа зүрхний өвчинд хүргэх аюултай.

Стрессыг бууруулж, чанартай, хангалттай нойр авах нь амьдралын чанарыг сайжруулж, зүрхний шигдээсээр өвчлөх, дахин давтагдахаас сэргийлж чадна.

Стресс нь мөн бодисын солилцоог алдагдуулж, жин нэмэгдэхэд хүргэдэг бөгөөд илүүдэл жин нь нойрон дунд амьсгал тасалдах зэрэг нойрны эмгэг үүсгэж, үүний улмаас зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг.

Насанд хүрсэн хүний хамгийн тохиромжтой нойр авах хугацаа нь шөнөдөө 7–8 цаг байдаг. Хэрвээ та 6 цагаас бага, эсвэл 10 цагаас их унтдаг бол зүрхний шигдээс, харвалт болох эрсдэл нэмэгддэг.

Зөв хэмжээгээр, чанартай унтах нь даралт ихсэх болон бусад зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

Стрессээс ангижрах 6 алхам зааж өгье.

  1. Хамгийн түрүүнд “яг” юунаас болоод сэтгэл тань зовоод байгааг олж мэд. Жишээ нь, та түгжрэлээс болоод стресст өдөр бүр ордог бол өөрийн явах зам, алхах, дугуйгаар явах зэрэг сонголтоор стрессээ бууруулж болох юм.
  2.  Сайн “нойр” амьдралыг тэтгэх хүч. Унтахаасаа өмнө өөрийгөө стресстүүлэхгүй байх нь чухал. Инээдмийн кино үзэх, өдрийн тэмдэглэл бичих мөн өөрийгөө сайхан унтаж байна хэмээн төсөөлөн бод.
  3. Дасгал хөдөлгөөн хий. Цэцэрлэгт хүрээлэнд алхах, хөнгөн гүйх нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнг мэдрүүлэх болно.
  4. Гүнзгий амьсгал ав. Юуны өмнө стрессдэх үед гүнзгий амьсгаа ав. 3 секунд амьсгалаа бариад 10 хүртэл тоолонгоо амьсгалаа удаан гарга. Энэ нь зүрхний цохилтыг удаашруулж, илүү тайван болоход тусална. Цаашдаа халуун усанд хэвтэх, булчингаа суллах дасгал, бясалгал, иога хийх, хөгжим сонсох, ном унших, явган явах, өдрийн тэмдэглэл хөтлөх нь таныг эрч хүчээр цэнэглэх болно. Хамгийн гол нь өөрийн дуртай зүйлээ олоорой.
  5. Үгүй гэж хэлж сураарай. Бид хүн бүрд “за” гээд байвал бидний хийхийг хүссэн бүх зүйлд өдрийн 24 цаг хүрэлцэхгүй юм. Та бусадтай адил чухал тул ажиллах,  амрах, гэр бүлдээ зориулах цагаа урьдчилан төлөвлөх нь танд амар тайван байдлыг мэдрүүлэх болно. Та л өөртөө анхаарал тавихгүй бол өөртөө анхаарах цаг байхгүй гэдгийг санаарай. Бүх зүйлд “үгүй” гэж хэлээрэй гээгүй шүү “тийм” гэж хэлэхээсээ өмнө өөр юу хийхээ тооцоолоорой гэсэн үг.
  6. Аливаа зүйлийг харах өнцөг чухал. Таны айдас, түгшүүр, санаа зовинож байгаа зүйл бодит уу? Та чадахгүй зүйлээ чадах гээд, болгох гээд стрессдээд байгаа юм биш биз. Та бүх харилцаандаа тохирсон хил хязгаартай юу? Аливаа зүйлийг өөр талаас нь харж, стрессээ тайлахад тань үнэхээр тустай байна.

Хэрэв та удаан хугацаанд архаг стрессэд орсон, түүнчлэн шөнөдөө сайн унтаж чадахгүй байгаа бол эмчид хандах нь зүйтэй. Сэтгэлзүйн болон нийгмийн сэтгэл заслын аргууд нь (psychosocial therapy) нойрыг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх, зүрхний шигдээсээс (анхны болон дахин) сэргийлэх үр дүнтэй арга зам болдог. Та СТРЕССЭЭ удирдахгүй бол СТРЕСС таныг удирдана.