Бэлгийн харилцаанд орох нь аюулгүй юу?
Хүндрэлгүй зүрхний шигдээс эсвэл стент тавих зэрэг зүрхний мэс заслаас хойш нэг долоо хоногийн дараа, зүрхний нээлттэй мэс заслаас хойш 8 долоо хоногийн дараанаас бэлгийн харилцаанд орох нь аюулгүй гэж ерөнхийдөө үздэг.
Зүрхний өвчин (линк) нь та болон таны хамтрагчийн хувьд том үйл явдал. Зарим хүмүүсийн хувьд бэлгийн харилцаа ба дотно мэдрэмжүүдэд өөрчлөлт ордог. Зарим хосуудад дотно харилцаа болон бэлгийн дур хүслийнхээ тухай ярилцахад бэрхшээлтэй байдаг. Таны эмч эсвэл эмнэлгийн мэргэжилтэн таны асуултанд хариулж(линк), асуудлуудыг тань шийдэж өгч болно. Олон хүн тэд бэлгийн харилцаанд орж болох эсэх, энэ нь зүрхэнд ачаалал өгөх эсэхэд эргэлздэг.
Бэлгийн харилцаа нь зүрхний цохилтын тоо болон артерийн даралтыг бага зэрэг нэмэгдүүлж болно. Гэсэн хэдий ч хүндрэлгүй зүрхний шигдээс эсвэл стент тавих зэрэг зүрхний мэс заслаас хойш нэг долоо хоногийн дараа, зүрхний нээлттэй мэс заслаас хойш 8 долоо хоногийн дараанаас бэлгийн харилцаанд орох нь аюулгүй гэж ерөнхийдөө үздэг. Зүрхний сэргээн засах эмчилгээ (линк) ба тогтмол дасгал хөдөлгөөн (линк) нь бэлгийн харилцаатай холбоотой хүндрэл гарах эрсдэлийг бууруулна.
Эрхий хурууны дүрэм буюу та байшингийн шатаар нэг давхрыг шинж тэмдэггүйгээр (цээжээр өвдөх, амьсгаадах гэх мэт) гүйцээж өгсөж гарч чадаж байгаа эсвэл ойрхон газар алхаж чадаж байгаа бол та бэлгийн харилцаанд орж болно. Өөрийн эдгэрэлтийн хурдаа ажиглах нь чухал бөгөөд танд шинж тэмдэг илэрч байвал эмчтэйгээ ярилцаарай. Зарим хүн шинж тэмдгээс сэргийлэх эсвэл арилгахын тулд нитроглицерин хэрэглэдэг.
Бэлгийн үйлийн чанарыг сайжруулах зорилготой силденафил (виагра), варденафил болон тадалафил гэдэг эмнүүд байдаг. Нитроглицерин зэрэг нитратын агууламжтай эмнүүдтэй эдгээр эмийг хавсран хэрэглэхийг хатуу хориглодог. Учир нь хамт хэрэглэснээр артерийн даралт огцом буурах эрсдэлтэй. Иймээс эдгээр эм эсвэл эмийн ургамлыг ууж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Зүрхний зарим эм (линк) буюу бета-блокатор, сэтгэл гутралын эсрэг эм болон нойргүйдлийн эсрэг эм нь бэлгийн дур хүсэл болон дур тавилтанд сөргөөр нөлөөлж болно. Та эдгээр эмнүүдийн нэг нь таны бэлгийн амьдралд нөлөөлж байгааг сэжиглэвэл эмчтэйгээ зөвлөлдөн, өөр бүлгийн эмээр солих боломжтой эсэхийг тодруулаарай. Эмчилгээгээ эрс зогсоож болохгүй, эмч эсвэл эрүүл мэндийн ажилтан таны шинж тэмдэг эмтэй холбоотой юу эсвэл зүрхний өвчинтэй холбоотойгоор гарч ирсэн түгшүүр, сэтгэл гутрал ба бусад хүчин зүйлстэй холбоотой эсэхийг тодруулна.