Menu Close

Чихрийн шижин

Чихрийн шижин нь зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл юм.

Цусан дахь сахарын хэмжээ хэд хэдэн удаагийн хэмжилтээр хэвийн хэмжээнээс өндөр байгаа үед чихрийн шижин байх боломжтой гэж үздэг. Цусан дахь сахарын хэмждэг хэд хэдэн аргууд байдаг: 

  • Өлөн үед 
  • Өлөн биш үед 
  • Глюкозын ачаалалтай сорил 
  • Сүүлийн 3 сарын дундаж цусан дахь сахарын хэмжээ

Цусан дахь сахарын хэвийн хэмжээ нь

  • өлөн үед 126 мг/дл-ээс бага,
  • өлөн биш үед 200 мг/дл-ээс бага байх ёстой.

Хэрвээ шинжилгээний хариу эргэлзээтэй бол глюкозын ачаалалтай сорил гэдэг шинжилгээг хийдэг.  Глюкозын ачаалалтай сорил гэдэг нь сахартай ус уулгаж, таны биед шингэсэн сахарыг хэрхэн бууруулж байгааг (хариу урвал) шалгах зорилготой бөгөөд сахарын уусмал уулгаснаас хойш 2 цагийн дараа цусны сахарыг хэмжиж үздэг. Хоёр цагийн дараах цусан дахь глюкоз байх ёстой хэмжээнээс өндөр байвал чихрийн шижинг оношлож болно.

Таны цусан дахь сахар сүүлийн 3 сард ямар хэмжээтэй байсаныг глюкожсон гемоглобин (HbA1c) гэдэг шинжилгээгээр үздэг. Зөвхөн нэг удаагийн цусан дахь сахарыг биш сүүлийн 3 сарын хэмжээг үздэг учраас илүү найдвартай аргад тооцогддог бөгөөд хэвийн хэмжээ нь 6.5% (48 ммоль/моль)-аас бага байх ёстой.

Чихрийн шижин нь хоёр хэв шинжтэй байдаг: 

  • 1-р хэлбэр: цусан дахь сахарыг бууруулдаг даавар (инсулин) биед “огт байхгүй” эсвэл “маш бага” учраас цусанд орсон сахарыг бууруулж чадахгүй байна гэсэн үг. Ихэвчлэн хүүхдүүд, эсвэл залуучуудад оношлогддог.
  • 2-р хэлбэр: хэв шинжнь биеэс (нойр булчирхайнаас ялгардаг) сахар бууруулдаг даавар үүсч байгаа ч таны бие хүлээж авахгүй, инсулин дөжрөл үүссэн байдаг. Тиймээс инсулин ялгарсан ч цусан дахь сахарыг бууруулж чадахгүй болно. Ихэвчлэн таргалалттай хүмүүст инсулин дөжрөл илэрдэг бөгөөд олон жил амвралын буруу хэвшилтэй насанд хүрэгчдэд тохиолддог.

Чихрийн шижинтэй 10 хүний 9 нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй байдаг. Чихрийн шижин оношлогдсон хүмүүсийн судасны дотор хана гэмтэх шалтгаан болдог ба зүрх судасны өвчнөөр хүндэрдэг учраас чихрийн шижингүй хүмүүсээс 10 орчим жилээр бага насалдаг. 

Чихрийн шижин (ялангуяа 2-р хэлбэр) нь буруу дадал, амьдралын хэвшлээс болж үүсдэг. Хэрвээ таньд чихрийн шижин оношлогдсон бол өнөөдрийг хүртэлх өдөр тутмын амьдралын хэв маягаа анзаараад үзээрэй. 

Чихрийн шижингээр өвдөхгүй байхын тулд та юу хийж чадах вэ? 

Өөртөө байгаа буруу хэвшлүүдийг олж мэдээд, засаж залруулах алхамуудыг аль болох эртнээс хийх хэрэгтэй. Үүнд:

  • Өдөр тутамдаа идэвхитэй хөдөлгөөн хийх,
  • Эрүүл хүнс сонгож, зөв хооллох, 
  • Биеийн жингээ байх ёстой жиндээ хүргэж бууруулах, жингээ барих 
  • Судсыг гэмтээдэг бусад зүйлсээс татгалзах, хянах: Тамхинаас гарах, цусны холестеролыг хянах гэх мэт 

Дасгалыг 7 хоногт багадаа 3 өдөр 30-60 минутаар дасгал, хөдөлгөөн хийхийг зориорой. Дасгал, хөдөлгөөн хийх үед бие хөлөрч, амьсгал түргэсч, зүрхний цохилт тайван үеэс олон болох ёстой. Гэхдээ дасгалын эрчим, ачааллыг хэтрүүлэхгүйн тулд өөрт тохирсон хэмжээгээр хийх хэрэгтэй. Дасгалын үеэр богино өгүүлбэрээр ярьж чадах ёстой. Толгой эргэх, нүд харанхуйлах, бие сулрах, цээжээр өвдвөл яаралтай зогсоох ёстойг мэдэж байх хэрэгтэй шүү.

Зүрхэнд ээлтэй хоолны дэглэм нь жимс, самар, хүнсний ногоо, эслэг давамгайлсан, харин улаан мах, өөх тосыг багасгах хэрэглэх юм. 

Эдгээр эрүүл амьдралын алхамууд нь чихрийн шижингээр өвдөөгүй үед ч, өвдсөн үед ч насан туршдаа хэрэгжүүлэх ёстой юм.