Зүрхний шигдээсээр өвдсөний дараа ихэнх хүн ажилдаа эргэн орох боломжтой байдаг бөгөөд энэ нь өвчний эдгэрэлтийн эерэг шинж юм
Өвчтөн ажилдаа эргэн орох хугацааг зүрхний эмч тодорхойлох бөгөөд олон эрсдэлт хүчин зүйлээс хамаардаг. Эдгээрт цээжээр өвдөж эхэлснээс стент тавих хүртэлх хугацаа, зүрхний шигдээсийн байрлал, зүрхний агших чадварын үзүүлэлт, бусад титэм судаснууд нарийсалтай эсвэл бөглөрөлтэй эсэх, зүрхний хэм жигд эсэх, эмнэлэгт хэвтсэн хугацаа, хэвтэх хугацаанд гарсан хүндрэл, сэтгэлзүйн эрүүл мэнд, зүрхний сэргээн засах эмчилгээ хийлгэсэн эсэх зэрэг орно.
Таны ажил мэргэжлийн онцлог чухал ач холбогдолтой бөгөөд биеийн хүч бага шаарддаг ажил эрхэлдэг буюу оффис ажилтнууд биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүсээс ихэвчлэн эрт ажилдаа ордог.
Зүрхний сэргээн засах цогц эмчилгээний хөтөлбөр нь эмнэлгээс гарснаас хойш зайлшгүй ач холбогдолтой. Уг хөтөлбөрөөр өөрийн биеийн үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлж, нарийвчилсан дасгал хөдөлгөөний төлөвлөгөө гаргадаг. Зүрхний шигдээс болсноос хойших хэсэг богино хугацаанд хүнд биеийн хүчний ачаалал авахаас зайлсхийх шаардлагатай, энэ хугацаа хэр урт байх нь тухайн хүнээс хамаарах бөгөөд тухай бүрд эмчтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлогддог. Гэсэн хэдий ч таны эдгэрэлт болон амьдралын чанараа сэргээхэд хөнгөн болон дунд зэргийн дасгал хөдөлгөөн чухал ач холбогдолтой. Ажлаас хэт удаан хугацааны чөлөө авах нь ерөнхийдөө ач холбогдол бага, эмнэлгээс гарсны дараа идэвхтэй байхыг илүү зөвлөдөг. Хөнгөн болон дунд зэргийн биеийн хүч шаардсан ажлын хувьд зүрхний ашгих чадвар хэвийн, эмнэлэгт байх хугацаа болон сэргээн засах эмчилгээний үед хүндрэл гараагүй бол сарын дараа эргэн ажилдаа орох боломжтой. Биеийн хүч шаардсан ажлын хувьд таны зүрхний эмч нэмэлт оношилгоо шинжилгээ хийлгэж нягталсны дараа ажлаа хийж болох эсэхийг шийддэг.