ЗҮРХНИЙ ЭМНҮҮД ТАНЫ БИЕД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Зүрхний шигдээс болсны дараах хамгийн чухал зорилго нь шигдээс дахихаас сэргийлэх явдал юм. Хэрэв зүрхний цус шахалтын үйл ажиллагаа шигдээсийн дараа буурсан бол хоёр дахь зорилго нь үүнийг сайжруулах явдал юм. Эдгээр зорилгодоо хүрэх гол түлхүүр нь цусны даралт, холестерин, чихрийн шижин, тамхи татах зуршил болон бусад эрсдэлээ хянахад оршино. Эмийн эмчилгээ нь эрсдлийн хүчин зүйлсийг үр дүнтэй удирдах, мөн шигдээс дахихаас сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.
ЦУС ШИНГЭЛЭГЧ ЭМ
Зүрхний шигдээсийн дараа бүлэн дахин үүсэхээс сэргийлэхийн тулд тохирох эм уух нь маш чухал. Эдгээр эм нь титэм судас, эсвэл стент дотор (тосгуурын бөглөрсөн судас руу шахаж суулгасан хоолой) шинэ тромб үүсэхээс сэргийлдэг. Ихэнхдээ бага тунтай аспирин (өдөрт 75–100 мг) амьдралынхаа турш уух ба P2Y12 ингибитор эмийг (тикарелор, прасугрел, клопидогрел гэх мэт) хэдэн сарын хугацаанд хавсарч хэрэглэдэг. Эдгээр эм нь цус бүлэгнэхээс сэргийлдэг ч цус алдах эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлдэг. Гэхдээ эм уухын ач тус нь энэ эрсдлээс хамаагүй их тул заавал уух шаардлагатай. Зүрхний эмч тань өөрөөр зөвлөөгүй бол энэ эмийг нэг ч өдөр тасалж болохгүй. Хэрвээ зүрхний тосгуурын жирвэгнээ оноштой бол өөр төрлийн цус шингэлэгч эмийг эмч тань санал болгож болох юм.
ПРОТОН ШАХУУРГЫН ДАРАНГУЙЛАГЧ
Ходоод гэдэснээс цус алдах өндөр эрсдэлтэй хүн хоёр төрлийн цус шингэлэгч эм ууж байгаа үед эмч тань ходоод хамгаалах зорилгоор протон шахуургын дарангуйлагч бичиж өгч болно.
ХОЛЕСТЕРИН БУУРУУЛАХ ЭМ
Артерийн судасны нарийслыг удаашруулахын тулд таны холестерины түвшинг 50% орчим бууруулж, LDL холестерин (бага нягтралтай липопротейн) 55 мг/дл буюу 1.4 ммоль/л-аас доогуур байлгах хэрэгтэй. Үүний тулд хамгийн эхэнд статин эмийг хэрэглэдэг. Статин нь элгэнд холестерин үйлдвэрлэлийг бууруулж, судсан дотуурх товрууг багасгаж, дахин зүрхний шигдээс болох эрсдлийг бууруулдаг. Заримдаа булчин өвдөх, цусан дахь элэгний ферментүүд ихсэх зэрэг гаж нөлөө илэрдэг ч ихэнхдээ хөнгөн, хянагдах хэмжээнд байдаг. Статин эмийг уухаа зогсоох нь дахин зүрхний шигдээс болох эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Зүрхний эмч тань зарим тохиолдолд статин дээр эзетимиб нэмэж зөвлөж болох бөгөөд энэ нь нарийн гэдсэнд холестерин шимэгдлийг багасгадаг. Холестерины хэмжээ маш өндөр, эсвэл статин уух боломжгүй бол зүрхний эмч тань элгэн дэх холестерины нийлэгжилтийг бууруулдаг шинэ төрлийн эм болох бэмпедоик хүчил, эсвэл элгэн дэх LDL холестерины задарлыг нэмэгдүүлдэг PCSK9 ингибитор, инцисираны тарилгыг нэмэлтээр зөвлөж болох юм.
БЕТА ХОРИГЛОГЧ
Бета хориглогч эмүүд нь адреналины сөрөг нөлөөнөөс зүрхийг хамгаалдаг. Эдгээр нь зүрхний цохилтын тоо, цусны даралт, мөн зүрхний хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулна. Хэрэв зүрхний цус шахах үйл ажиллагаа муудсан бол, энэ бүлгийн эмүүд цаашдын доройтлоос сэргийлэхэд тусалдаг. Хэрэв зүрхний цохилт хэт доошилвол толгой эргэх мэдрэмж төрж болно. Голцуу тохиолддог нэмэлт гаж нөлөөнд толгой өвдөх, гар, хөл хүйтэн болох, ядрах, нойргүйдэх зэрэг орно. Бета-блокер бүр өөр өөр гаж нөлөөтэй байдаг тул аль нь танд хамгийн тохиромжтойг сонгохдоо зүрхний эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Зүрхний эмгэг олон төрөл байдаг бөгөөд түүнийг эмчлэх эмнүүд ч мөн тэр хэрээр маш олон байдаг. Үүнд:
- холестерин бууруулах
- цусны даралтыг бууруулах
- зүрхний цохилтыг удаашруулах
- зүрхний хэвийн бус хэмнэлийг зогсоох
- зүрхний агшилтын хүчийг сайжруулах
- титэм судасны цусны эргэлтийг сайжруулах
- цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлэх
- артери эсвэл венийн судсанд үүссэн нөжрөлтийг задлах
- илүүдэл усыг биеэс зайлуулах (шээс хөөх эм)
Эдгээр эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой.