Бүтэц: Цээжний зүүн талд байрладаг, атгын чинээ хэмжээтэй булчинлаг эрхтэн юм.
Үүрэг: Биеийн бүх эд, эрхтэнд цусыг шахаж хүчилтөрөгч, шим тэжээлээр хангах үүрэгтэй.
Зүрхний 4 хөндий: Зүрх нь булчингийн ханаар (таславч) хоёр тусгаарлагдаж баруун, зүүн хэсэгт хуваагддаг. Баруун болон зүүн талууд нээгдэж, хаагддаг бүтэцтэй хавхлагаар дээд, доод хэсэгт хувааггдаг. Дээд хэсгийн тосгуур, доод хэсгийг нь ховдол гэдэг.
Хавхлагууд: Зүрхний баруун зүүн талуудад хавхлагууд байдгаас гадна судаснуудад ч хавхлага байдаг. Хавхлагууд цусыг дээрээс доош чиглэлд урсгах зориулалттай бөгөөд буруу буюу доороос дээш чиглэлд урсахаас сэргийлдэг. Үүнийгээ даралтын нөлөөгөөр онгойх, хаагдах хөдөлгөөнөөр зохицуулдаг. Зүрхний баруун талд байрладаг хавхлагыг гурван хавтаст хавхлага, зүүн талд байрладаг хавхлагыг хоёр хавтаст хавхлага гэдэг. Жишээ нь: Зүрхний хавхлагууд нь тосгуурууд дотор тодорхой даралтанд хүрэх үед нээгдэж цусаа ховдол руу хаяж, улмаар ховдолууд цусаар дүүрэх боломжийг олгоно. Ховдлууд дүүрсэний дараа хоёр болон гурван хавтаст хавхлагууд буцаад хаагдаж ховдолд орсон цус дээш буюу тосгуур руу орохоос сэргийлдэг.
Зүрхний үйл ажиллагаа: Зүрхний баруун тал нь вен гэж нэрлэгддэг судсаар дамжуулан биеэс хүчилтөрөгчийн дутагдалтай цусыг хүлээн аваад уушиг руу дамжуулан цусыг хүчилтөрөгчөөр баяжуулаад зүрхний зүүн тал руу дамжуулдаг. Хүчилтөрөгчөөр баялаг болсон цус нь зүрхний зүүн хэсгээс артери гэж нэрлэгддэг судсаар биеийн бүх эрхтэн рүү цусаа шахдаг.
Зүрхний булчингуудын нэгэн зэрэг агшиж, өөр хоорондоо хамааралтай, дэс дараатай ажиллагааг булчин завсрын жижиг электрон дамжуулагч ширхэгүүд зохицуулдаг. Энэхүү электрон дамжуулагчийн төв цэг нь баруун тосгуурт байрладаг. Үүнийг синусын зангилаа гэдэг. Энэхүү төв удирдлага нь зүрхнийг 1 минутанд 60-80 удаа агшиж цусаа шахах тохируулгыг хийдэг.