Цээжээр өвдөх:
Цээжний өвдөлт нь зүрхний шигдээсийн хамгийн чухал, ноцтой шинж бөгөөд шигдээсийг таних тэмдэг юм.
Цээжээр өвдөх нь зүрхний шигдээсийн дохио юм. Гэхдээ цээжний өвдөлт бүр зүрхний шигдээс байдаггүй. Зүрхний шалтгаант цээжний өдвөлт нь дараах онцлогуудтай. Үүнд: Ихэнх өвдөлт нь цээжний зүүн талд байрлалтай байдаг. Өвдөлт нь цээжин дээр хүнд жин дараад байгаа мэт эсвэл цээжийг шахах мэт мэдрэмж төрдөг таагүй мэдрэмж юм. Мөн хүйтэн хөлс гарах, дотор муухайрах шинжүүд нэмэлтээр илэрч болно. Өвдөлт нь биеийн дээд хэсгийн бусад хэсэгт, жишээлбэл, гар (баруун талаас илүүтэй зүүн буюу зүүн гар, зүүн дал, мөр зэрэг), нуруу, эрүү хүртэл тархаж, дамжиж болно. Өвдөлт хэдхэн минут үргэлжилдэг эсвэл илүү удаан үргэлжилж болно. Өвдөлтийн хүч нь дийлэнхдээ тэсэхийн аргагүй байдаг. Өвчин намдаах эмэнд намдахгүй, харин судас тэлэх (жишээ нь нитроглицерин) эмэнд намдаж болно.
Дээрх цээжний өвдөлт 15 минутаас дээш хугацаагаар үргэлжилвэл түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Зүрх дэлсэх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг:
Хэрэв та зүрх дэлсэх эсвэл ухаан алдах юм бол яах вэ?
Зүрх дэлсэх нь таны зүрх тогтворгүй, ердийнхөөсөө илүү хурдан, хүчтэй цохилж байгаа мэт, дотор чичрэх мэдрэмж төрдөг. Зүрх дэлсэх нь хэдхэн секунд, минут эсвэл түүнээс ч удаан үргэлжилж болно. Зүрх хоногт хэд хэдэн удаа хэвийн бус цохилж болох ч энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд ихэнхдээ өөрт мэдэгдэхгүй, анзаарагдахгүй байдаг. Хүмүүс стресст өртсөн үедээ зүрхний цохилтоо илүү сайн мэдэрч, анзаардаг. Кофеин, тамхи татах, архи, мансууруулах бодис хэрэглэх нь зүрхний цохилтыг түргэсгэхэд нөлөөлдөг. Бусад шалтгаан нь дааврын өөрчлөлт, хүчтэй сэтгэл хөдлөл, хүнд дасгал, зарим эмүүд орно.
Эдгээр өдөөгчийг багасгах эсвэл зайлсхийснээр зүрх дэлсэхийг зогсоох боломжтой. Мөн зүрх дэлсэх хугацаа, давтамж нэмэгдэж илүү ойр орхон дэлсэх, толгой эргэх зэрэг бусад шинж тэмдгүүдтэй хавсарч илэрч байвал эмчээс зөвлөгөө аваарай.
Түр зуур ухаан алдаад сэргэх – синкопи:
Синкопыг ихэвчлэн ухаан алдах гэж нэрлэдэг. Энэ нь ухаан санааны түр зуурын алдагдлыг хэлэх бөгөөд ихэвчлэн ухаангүй болж, унадаг.
Артерийн даралт бага байх нь хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд ихэвчлэн өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдэд тохиолддог. Зарим хүмүүст ухаан алдахаас өмнө хэдхэн секундын турш толгой эргэх, сулрах зэрэг анхааруулах шинж тэмдгүүд илэрдэг.
Хэрэв ухаан алдсан бол даралтыг буцаад хэвийн болгохын тулд суух, эсвэл хэвтүүлэх арга хэмжээ авна. Хэрэв та ухаан алдаж байсан бол зүрхний хэм алдагдал, судас нарийсах, зүрхний хавхлагын асуудал гэх мэт шалтгааныг байгаа эсэхийг илрүүлэхийн тулд эмчид хандаарай.
Хэрэв танд толгой эргэх мэдрэмж төрвөл яах вэ?
Толгой эргэх нь зүрхний өвчний чухал шинж тэмдэг байх боломжтой.
Толгой эргэх нь зүрхний шигдээсийн эхэн үеийн шинж тэмдэг, эсвэл цаашдаа зүрхний шигпээсээр өвдөж болзошгүй гэсэн дохио байж мэднэ. Толгой эргэх үед дайвалзах, тэнцвэр алдаж болдог тааламжгүй мэдрэмж юм. Толгой эргэх нь олон шалтгаантай байж болох бөгөөд үргэлж зүрхний асуудалтай холбоотой байдаггүй. Жишээлбэл, артерийн даралт түр зуур буурах эсвэл цусан дахь сахарын хэмжээ багасах нь толгой эргэх шалтгаан болдог.
Хэрэв таны толгой эргэвэл доош суугаад нэг аяга ус уух, чихэрлэг зүйл идээрэй. Хэрэв та хэдхэн минутын дотор сэргэхгүй, эсвэл зүрх дэлсэх эсвэл зүрхний шигдээсийн бусад шинж тэмдэг (цээжээр өвдөх, таагүй байдал гэх мэт) илэрвэл эмнэлгийн тусламж аваарай.
Дотор муухайрах нь зүрхний өвчинтэй холбоотой юу?
Зүрхний шигдээсийн үед дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрч болдог.
Дотор муухайрах нь зүрхний шигдээсийн үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм. Хэрэв та өмнө нь зүрхний шигдээс өвчнөөр өвдөж байсан эсвэл эрсдэл өндөртэй бол (жишээлбэл, чихрийн шижин өвчтэй, илүүдэл жинтэй, тамхи татдаг бол) дотор муухайрах, бөөлжих нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг байж болохыг анхаарна уу.
Хэрэв таны дотор муухайрч, дээрээс нь цээжээр өвдөх зэрэг зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрвэл эмчээс зөвлөгөө аваарай.
Амьсгал давчдах, амьсгаадах талаар юу мэдэх ёстой вэ?
Амьсгал давчдах нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг юм.
Амьсгал давчдах нь хангалттай агаар авч чадахгүй байгаа мэт мэдрэмж юм. Энэ нь дасгалын үеэр гэнэт тохиолдож болох ч амарсан, тайван үед ч тохиолдож болно. Хэд хэдэн шалтгаан бий. Гэхдээ танд амьсгал давчдах, амьсгаадах шинж тайван үед эсвэл дасгал хийх үед ч илэрч байгаа бол эмчдээ мэдэгдэх нь чухал юм.
Амьсгал давчдах, мөн зүрхний шигдээсийн бусад шинж тэмдэг, тухайлбал цээжээр өвдөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж аваарай.