Зүрх судасны өвчин нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг тул тухайн хүний өвчлөх эрсдэлийг тодорхойлоход хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлийг хамтад нь авч үздэг. Зарим эрсдэлт хүчин зүйлсийг өөрчилж болдог бол нас, хүйс, удам зүйн онцлог зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг өөрчлөх боломжгүй юм. Тамхи татах муу зуршил, цусан дахь холестрины хэмжээ, цусны даралтын түвшин зэрэг хүчин зүйлүүдийг амьдралын хэв маягийг өөрчлөх, эмийн эмчилгээ хийх, хосолсон аргуудыг хэрэглэх замаар өөрчлөх боломжтой.
Эрсдэлийн үнэлгээ
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохирсон хүснэгтийг сонгох
- Тамхи татдаг, татдаггүй хэсгээс сонгох
- Насны бүлгээс тохирсон бүлгийг сонгох (59 настай бол 50-59 насыг, 60 настай бол 60-69 насыг сонгоно)
- Хүснэгтэн дотор тухайн хүний Систолын даралтын (дээд даралт) түвшин болон холестролын үзүүлэлт огтлолцох дөрвөлжинг олно.
- Энэхүү дөрвөлжингийн өнгө нь ирэх 10 жилд аминд халгүй, халтай зүрх судасны өвчний эрсдэлийг тодорхойлно.

Ийнхүү тухайн хүний нас, хүйс, тамхи татдаг эсэх, цусны даралтын түвшин, цусан дахь холестрины хэмжээ зэрэгт үндэслэн ирэх 10 жилийн хугацаанд зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг тодорхойлдог. Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл
- <10% бол бага эрсдэлтэй (огт эрсдэлгүй гэсэн үг биш!),
- 10-20% бол “дунд зэргийн”
- 20-30% бол “өндөр эрсдэлтэй”
- >30% бол “маш өндөр эрсдэлтэй” гэж тооцно.
Дээрх хүснэгтэд зааснаас гадна доорх нөхцлүүд байвал зүрх судасны өвчний эрсдэл өндөр гэж үзнэ. Үүнд:
- Артерийн даралт буулгах эмчилгээ хийлгэж байгаа
- Эрт цэвэршилт
- Насны бүлэг, эсвэл систолын даралтын түвшин дараагийн шатанд ойртож буй
- Таргалалт (төвийн таргалалт хамаарна)
- Суугаа амьдралын хэв маяг
- Ойрын цусан төрлийн хүмүүсээс харьцангуй залуу насандаа зүрхний титэм судасны өвчин, тархины харвалттай байсан талаарх удмын түүхтэй
- Триглицеридын түвшин нэмэгдсэн (> 2ммоль/л)
- Өндөр нягтралтай липопротейны түвшин бага (эрэгтэйд < 1 ммоль/л, эмэгтэйд < 1.3 ммоль/л)
- Зүрхний цохилтын тоо олшрох
Цусны холестрины түвшинг тодорхойлох боломжгүй үед холестрины түвшинг заагаагүй хүснэгтийг ашиглаарай.
