ЯМАР Ч ЭМ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ОРЛОЖ ЧАДАХГҮЙ.
Компьютерийн ард удаан суух, телевиз, утас үзэх зэрэг суух цагаа аль болох багасгаж идэвхтэй хөдөлгөөн хийх, дасгал хийх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хүндрүүлэхгүй байхад таны хийж чадах хамгийн том алхам юм шүү.
Идэвхигүй, хөдөлгөөнгүй суух цаг ихсэх тусам зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэж байдаг. Идэвхитэй, хөдөлгөөнтэй байж хэвших нь таны зүрхийг эрүүл, хүчтэй байхад туслаад зогсохгүй жин нэмэх, чихрийн шижингээр өвдөхөөс сэргийлж чадна.
Хөдөлгөөнгүй, суух цагаа багасгахын тулд юунаас эхлэх вэ?
Ажил дээр:
● Хурал, цуглааныг сууж биш босоо байдлаар хийх
● Компьютерийн ширээг өндөрлөж зогсоогоор ажиллах
● Ажлын завсарлага, цайны цагаар аль болох алхах, хөдөлгөөнтэй байх, сунгалтын дасгал хийх
● Ажилдаа ирж, буцахдаа дугуй унах, алхах
● Цахилгаан шатны оронд явган шатаар явах
● Машин барьдаг бол очих газраасаа зайтай зогсоолд тавих гэх мэт
Гэртээ:
● Телевиз үзэхдээ буйдан дээр тухалж суухгүй байх, босож зогсох, гэрийн ажил хийхийн хажуугаар үзэх
● Ном, сонин, сэтгүүл уншихдаа, утсаа ашиглахдаа алхаж явах эсвэл зогсох
Алхах тоог өдөр бүр ихэсгэхийн тулд алхалт тоолдог янз бүрийн степметр болон аппликейшн ашиглан хэмжиж, өөртөө зорилго тавьж, зорилгодоо хүрсэн бол өөрөө өөрийгөө урамшуулж байгаарай.
Илүү идэвхтэй, хөдөлгөөнтэй байхын тулд ямар алхам хийх ёстой вэ?
Европын зүрхний нийгэмлэгээс эрүүл хүн бүр долоо хоногт 150 минут ДУНД зэргийн идэвхитэй дасгал хөдөлгөөн эсвэл 75 минут ӨНДӨР идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Хөдөлгөөнд хязгаарлалт үүсгэх өвчингүй, бие бялдарын хувьд эрүүл 65 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдэд ч мөн ижил зөвлөмж өгдөг.
Зүрхний өвчтэй хүн дасгал хөдөлгөөн хийж болох уу?
Мэдээж, болно. Гэхдээ дасгал хийх цаг болон дасгалын эрчим тухайн хүний биеийн байдал, өвчний онцлогоос хамааран өөр байх боломжтой тул эмчээсээ зөвлөгөө аваарай.
Хөдөлгөөнөө нэмэгдүүлэхийн тулд өдөр тутмын зорилго тавих нь чухал. Жишээлбэл, ажилдаа явахдаа машинаа арай хол тавьж үлдсэн замыг алхах, мөн цахилгаан шатны оронд шатаар явах зэрэг энгийн зуршил бий болгох хэрэгтэй.
Хөдөлгөөн хийх бүрт зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл буурна:
● Дасгал хөдөлгөөн нь цусны даралт, холестерины хэмжээг бууруулахад тусалдаг.
● 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.
Мөн биеийн жинг нэмэхгүй, тогтмол барих, бууруулах зэргээр эерэгээр нөлөөлдөг.