Монгол хүний өвчлөл, нас баралтын хамгийн нийтлэг шалтгаан бол Зүрх судасны өвчин (ЗСӨ) юм. Өвчлөлийг ”Артерийн даралт ихсэх өвчин” тэргүүлж байгаа бол “Зүрхний шигдээс, тархины харвалт” нь нас баралтын шалтгаан дотор хамгийн их хувийг эзэлдэг. Эдгээр өвчнөөр өвдөхөд хүргэсэн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг “Эрсдэлт хүчин зүйлс” гэдэг. Үүнд: тамхи татах, цусан дахь холестериол хэвийнээс их байх, таргалалт, артерийн даралт ихсэх, чихрийн шижин, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг ордог.
Хүний зүрх болон биеийн бүхий л судаснуудтай холбоотой эмгэгүүд Зүрх судасны өвчин (ЗСӨ)-д хамаардаг. Зүрх судасны өвчин хэрхэн үүссэнээр нь Зүрхний булчингийн сулрал, Хавхлагуудын эмгэг, зүрхний төрөлхийн гажиг, зүрх нэгэн жигд ажиллаж чадахгүй болсон буюу Зүрхний хэм алдагдал, Судасны бөглөрөл, нарийсал зэргээр ангилж болно. Эдгээрээс хамгийн их тохиолддог эмгэг бол судасны дотор хананд өөхөн товруу аажимдаа хуримтлагдаж, бөглөрөл үүсгэдэг Судас хатуурлын эмгэг буюу Атеросклерозын өвчин юм. Ямар эрхтний судас нарийсаж, бөглөрснөөс шалтгаалж олон төрлийн өвчин үүсдэг. Тухайлбал: Зүрхийг өөрийг нь тэжээдэг титэм судас бөглөрвөл Зүрхний шигдээс, тархины судас бөглөрвөл Тархины харвалт гэдэг. Эдгээр эмгэг нь Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Атеросклероз нь голчлон холестериолын хэмжээ олон жил өндөр байсан, ялангуяа “муу” холестериол буюу “бага нягтралтай холестериол” өндөр хүмүүст үүсдэг. Холестериол хэвийн хэмжээнээс ихсэх үед артерийн судасны дотор хананд наалдаж, архаг үрэвслийн процессын оролцоотойгоор судас хатуурлын товрууг үүсгэх ба энэ товруу нь судасны дотор хөндийг нарийсгадаг. Нарийссан судсаар тэжээгдэж байгаа эрхтэнд хангалттай хэмжээний хүчилтөрөгч, шим тэжээл очиж чадахгүй болно. Энэхүү нарийссан судас нь хөлөнд байвал алхах үед хөл нь өвдөх шинж илрэх ба бид үүнийг Захын судасны эмгэг гэдэг. Харин зүрхийг цусаар хангадаг титэм судас нарийсвал цээжээр өвдөх, бачуурах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг үүсгэдэг ба үүнийг бид нар Цээжний бах гэдэг. Титэм судасны нарийсал нь даамжирч бүрэн бөглөрвөл Зүрхний шигдээс болдог. Эрүүл амьдралын хэв маягийг сонгосноор ЗСӨ-өөс 80% урьдчилан сэргийлэх боломжтой. Харин ЗСӨ-өөр нэгэнт өвдсөн бол эмийн болон мэс заслын аргаар эмчилж, дахилт болон хүндрэлээс сэргийлнэ.