ЦЭЭЖЭЭР ӨВДӨХ, ЦЭЭЖЭЭР ЭВГҮЙ ОРГИХ
Цээжний өвдөлт бол зүрхний шигдээсийн хамгийн чухал шинжийн нэг юм.
Өвдөлт нь цээжин дээр дараад байгаа мэт, шахаад, цээж барьчихсан мэт, давчдах эсвэл цээж голоор шатаж, хорсож өвдөж буй мэт байж болно. Өвдөлт ихэнхдээ цээжний голоор байх ба хүзүү, дал, гар, мөрлүү дамжиж болно. Үүнээс гадна амьсгаадах, хүйтэн хөлс гарах, дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж илэрвэл энэ нь зүрхний шигдээс байх боломж өндөр тул ЯАРАЛТАЙ 103 ДУУДААРАЙ.
Зүрхний шигдээсийн өвдөлт, дээрхи зовуурь үүсэж байгаа шалтгаан нь зүрхийг цусаар хангадаг судас бөглөрч, цусны урсгал хаагдсанаас үүдэлтэй тул эмнэлэгт яаралтай хандаж, титэм судасны урсгалыг 2 цагын дотор сэргээвэл зүрхний булчин бүрэн эргэж сэргэх боломжтой байдаг.
Монгол улсад 24/7 -оор зүрхний шигдээсийн үеийн титэм судасны цусан хангамж сэргээх эмчилгээг хийдэг.
Зүрхний дэлсэлт хэзээ аюултай вэ?
Та гэнэт зүрхний цохилт тань түргэсэээд таньд мэдрэгдээд байна уу?
Таны хамгийн түрүүнд хийх боломжтой зүйл бол судасны лугшилтаа тэмтэрч тоолох юм.
шууны дотор талд нөгөө гарын 2 хуруугаар эрхий хуруу талдаа шөрмөсний гадна ирмэгт тулган бага зэрэг дараарай, таньд судасны лугшилт тэмтрэгдэх болно. Үүнийг 15 секундын турш тоолоод, 4-өөр үржүүлээрэй.
Зүрхний хэм жигд үед таны судасны лушгилт, зүрхний цохилт 2 ижил байх болно.
Таны зүрхний цохилтын тоо тайван үед минутанд 60-90 байх хэвийн бөгөөд ачаалал авсан, гүйсэн, сэтгэл хөөрсөн, уурлаж, стресст өртсөн үед ихсэж болно. Энэ нь хэвийн юм. Мөн тамхи татах, кофейн хэрэглэх, архи, мансууруулах төрлийн бодис, зарим эмийн нөлөөгөөр мөн ихсэнэ.
Хэрэв таньд зүрх дэлсэлт мэдэгдээд намдахгүй удах, эсвэл даралт багасах, толгой эргэх, нүд харанхуйлах, цээжээр өвдөх, амьсгал давчдах, ухаан алдах зэрэг шинж илэрвэл яаралтай 103 дуудаж, эмнэлэгт хандах хэрэгтэй.
Түр зуур ухаан балартаж унавал та яах вэ?
Энэхүү уналт нь ихэсчлэн хэдэн секунд үргэлжлээд сэргэдэг ба дийлэнхдээ артерийн даралт багассан эсвэл зүрхний цохилт хэт цөөрсөнтэй холбоотой байдаг.
Ухаан алдаж унахын өмнө зарим хүмүүст толгой эргэх, гуйвах, нүд харанхуйлах зэрэг урьдал аюултай шинжүүд илэрдэг. Хэрэв ийм шинж илэрвэл даралт буурч унахаас сэргийлэн юм түшиж суух эсвэл хэвтэх хэрэгтэй.
Өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдэд даралт багасалттай холбоотой түр уналт тохиолдох нь элбэг байдаг.
Мөн зүрхний хэм алдагдал, судасны нарийсал, зүрхний хавхлагын эмгэг зэрэгтэй холбоотой байж болох тул эмчид хандаж шалтгааныг тодруулж, дахихаас сэргийлээрэй.
Толгой эргэх шинж илэрвэл яах вэ?
Хэрэв та зүрх судасны эмгэгтэй, хяналтанд байдаг бол толгой эргэх шинж нь аюултай шинж юм. Толгой эргэлтийг уналт дагалдах боломжтой тул аюулгүй газар сууж, эсвэл хэвтээрэй.
Юуны түрүүнд аяга ус, цай боломжтой бол сахартай ууж болно. Хэдэн минутын дотор сайжрахгүй байх, эсвэл цээжээр өвдөх, эвгүй оргих шинж илэрч байвал яаралтай 103 дуудах, эмнэлэгт хандах шаардлагатай.
Зүрх судасны эмгэгтэй хүмүүсийн эмчилгээнд даралт бууруулах нөлөөтэй эмүүд нилээд байдаг тул даралтаа хянаарай. Хэт даралт буураад байвал хяналтын эмчтэйгээ цаг товлож, эмийн тунгаа тааруулаарай.