Эрүүл сонголтыг хялбар сонголт болгох
Төрийн болон төрийн бус байгууллагууд (ТББ) нь иргэд эрүүл амьдралын хэв маягийг сонгоход түлхэц үзүүлж чадна. Хууль тогтоомж, татвар, маркетингийн хязгаарлалт нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байх, эрүүл хооллох, тамхинаас гарах эсвэл тамхи татахгүй/эхлэхгүй байхыг уриалж, архины хэрэглээг хязгаарлахад хувь нэмэр оруулдаг.
Олон улсын, үндэсний болон орон нутгийн түвшинд эрүүл амьдралын хэв маягийг түгээх, дэмжих үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагууд байдаг. Эдгээрт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын холбоо, үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагууд, зүрхний сан, үйлчлүүлэгчдийн төрийн бус холбоо, нийгэмлэгүүд орно.
Сургууль нь сурагчдад эрүүл орчин бүрдүүлэхийн зэрэгцээ тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, төлөвшүүлэхэд сургах, урамшуулах ёстой. Үүний нэгэн адил, ажлын байр нь биеийн хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжиж, тамхи татахаас татгалзахыг дэмжих ёстой. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд хүмүүс сургууль, ажилдаа алхаж эсвэл дугуй унаж явах боломжийг бүрдүүлж чадна.
Хооллолт:
Хүнсний бүтээгдэхүүн дэх боловсруулсан өөх тос, элсэн чихэр, давсны агууламжийг хязгаарлах нь хүмүүсийн идэж буй хоол, хүнсний сонголтыг сайжруулах үр дүнтэй арга юм. Зарим улс орнууд транс тосыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон байдаг. Давс, элсэн чихрийн хэмжээг бууруулахын тулд олон улс орнууд хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн үнэ тогтоох нь хүмүүсийн хүнсний сонголтонд нөлөөлдөг бөгөөд эрүүл бус хоол хүнсэнд татвар ногдуулах (жишээ нь өөх тос, чихрийн татвар) эсвэл эрүүл сонголтуудад хөнгөлөлт, үнийн урамшуулал өгөх нь хоолны дэглэмийг эрүүл болгож өөрчлөхөд тусалдаг. Хэрэглэгчдэд чиглэсэн хүнсний шошгоны талаарх сурталчилгааны кампанит ажил хийх нь хүмүүсийн тэжээллэг хүнс худалдан авалтыг сайжруулдаг.
Дасгал хөдөлгөөн:
Дасгал хөдөлгөөн хийхэд зориулж тохижуулсан орчин нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх сэдлийг идэвхжүүлдэг. Шатны харагдах байдлыг илүү үзэмжтэй болгосноор хүмүүс цахилгаан шатаар явахаас илүү явган шатаар явахыг сонгоход түлхэц өгдөг. Богино зайд ч гэсэн алхах эсвэл дугуй унахыг дэмжих нь өдөр тутамдаа идэвхтэй хөдөлгөөн хийх, түүнийг хэвшил болгоход тусалдаг. Биеийн тамирын дасгал нь эрүүл амьдралын салшгүй хэсэг гэдгийг аль болох бага наснаас нь эхлэн ойлгуулж, ухамсарлуулах ёстой. Ажлын орчин ч фитнесс төв, ажилчдаа босож ажиллах боломжтой ширээгээр хангах зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмждэг байх хэрэгтэй.
Тамхи:
Бүх төрлийн тамхи татах, дам тамхидалтад өртөх нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хууль тогтоомж бол тамхи татахаас урьдчилан сэргийлэх, багасгах хүчирхэг хэрэгсэл юм. Тамхи татахыг хориглох, өндөр татвар ноогдуулах, зар сурталчилгааг хязгаарлах, анхаарал татахуйц биш энгийн сав баглаа боодол ашиглах зэрэг арга хэмжээнүүд нь үр дүнтэй. Тамхины хор хөнөөлийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах кампанит ажил өрнүүлэх нь олон нийтэд, тэр дундаа өсвөр насныханд чухал бөгөөд энэ нь тэднийг тамхи татаж эхлэхээс сэргийлэхэд бодит нөлөө үзүүлдэг.
Согтууруулах ундааны хэрэглээ:
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хууль тогтоомжийг согтууруулах ундааны хор хөнөөлтэй хэрэглээнээс урьдчилан сэргийлэхэд хэд хэдэн зохицуулалтаар үр дүнтэй ашиглаж болдог. Жишээлбэл: согтууруулах ундаа худалдан авах, түүгээр үйлчлэх насны доод хязгаар тогтоох, жолоо барих хуулийг чангаруулах, өндөр татвар тогтоох, сурталчлах, сурталчилгааны арга хэмжээг ивээн тэтгэхийг хориглох. Ажлын байр, сургуульд архи согтууруулах ундааны зохицуулалт хийх нь бас үр дүнтэй юм.