Menu Close

Артерийн даралт

Артерийн даралтын талаар юуг мэдэх хэрэгтэй вэ?

Таны артерийн даралт ихэсдэг (артерийн гипертензи) хэмээн оношлогдсон бол даралтаа бууруулахын тулд одоогийн тогтсон амьдралын хэв маягаа өөрчилж, дээрээс нь даралт бууруулах эм тогтмол уух шаардлагатай болно. Даралт ихсэлт нь харвалт, зүрхний шигдээс,
зүрхний дутагдал, бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй. Өдөр тутмын стресс бухимдал, илүүдэл жин, давсны өндөр хэрэглээ, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь даралт ихэсгэх шалтгаан болдог.

Артерийн даралт гэж юу вэ?

Зүрхний булчин агших үедээ цусыг биеийн бүх эд эрхтэн рүү шахаж шим тэжээл, хүчилтөрөгчийг хүргэж өгдөг. Зүрх агших үед артерийн судсан доторх цус судасны ханандаа даралт үзүүлдэг. Судасны хананд үзүүлж буй энэхүү даралтыг Артерийн даралт гэдэг.

Артерийн даралт хэт өндөр байвал нь артерийн судасны дотор хананд ачаалал өгч, өмнө нь хэдийнээ хуримтлагдсан өөх тосны товруу (атеросклерозын товруу) томрох, товруу нь
хагарахад хүргэдэг.

 

 

Цусны даралт ихсэлтийн улмаас судасны дотор үүссэн өөхөн товруу задарч шархалж, түүн дээр цусны бүлэн үүснэ. Энэхүү бүлэн нь судасны дотор хөндийг хэсэгчлэн эсвэл бүрэн бөглөж,цусны урсгалыг саатуулдаг.  Хэрэв бүлэн нь тархины судсыг бөглөвөл тархины харвалт, зүрхийг тэжээдэг титэм судсыг бөглөвөл зүрхний шигдээсийг үүсгэдэг.

Цусны даралт ихсэх нь зүрхний ачааллыг улам ихэсгэдэг. Удаан хугацаанд даралт ихсэлттэй байснаар зүрхний булчин өндөр ачаалалтай ажилласаны улмаас хана нь зузаарч, тэлэгдэж, яваандаа зүрхний дутагдалд хүргэх эрсдэлтэй байдаг.

Артерийн даралт ихсэлт
болон артерийн гипертензи өвчин нь хоорондоо ижил үү?
Нэг удаагийн хэмжилтээр
таны даралт хэвийн хэмжээнээс (дээд даралт 130 мм.муб-аас дээш, эсвэл доод
даралт 80 мм.муб-аас дээш) өндөр байвал таны артерийн даралт ихэссэн байна гэж
үзнэ.

Харин даралтаа хэмжүүлэх бүрд л хэвийнээс өндөр (байнга даралт ихсэлттэй) байдаг бол таныг Артерийн гипертензи өвчинтэй гэж үзнэ. Гэхдээ онош тавихын тулд эмчийн үзлэгийн хамгийн багадаа хоёр өөр өдрийн хэмжилт, эсвэл гэртээ даралтаа хэмжиж тэмдэглэсэн
тэмдэглэгээ зайлшгүй хэрэгтэй болно. Бидний ярьж хэвшсэнээр дээд даралт (зүрх агших үеийн даралт, буюу систолын даралт), доод даралт (зүрх сулрах үеийн даралт, буюу диастолын даралт) аль аль нь ихэссэн байх шаардлагагүй. Аль нэг нь л хэвийн хэмжээнээс  өндөр байвал даралт ихсэлт, эсвэл артерийн гипертензи  өвчнийг оношлох боломжтой.

Тухайлбал, 

  • Цусны даралтны хэвийн хэмжээ:
    • Дээд даралт 120 мм.муб-аас бага,
    • доод даралт 80 мм.муб-аас бага
  • Артерийн даралт ихсэлт:
    • Дээд даралт 129 мм.муб хүртэл ихэссэн,
    • доод даралт 80 мм.муб-аас ихсээгүй байх
  • Артерийн гипертензи өвчний
    • 1-р зэрэг:      Дээд даралт 139 мм.муб хүртэл ихэссэн,           
                              Доод даралт 89 мм.муб хүртэл ихэссэн
    • 2-р зэрэг:      Дээд даралт 140 мм.муб-аас их,
                            
      Доод даралт 90 мм.муб-аас их

       Дийлэнх хүмүүст даралт ихэссэн үед ямар ч зовуурь, шаналгаа мэдэгдэггүй. Харин зарим хүмүүст толгой өвдөх, шилэн хүзүү хөших, нүд бүрэлзэх гэх мэт ямар ч өвчний үед
илэрч болох түгээмэл зовууриуд мэдэгддэг.

Хүмүүс даралтаа ихэссэнийг даралтын аппаратаар хэмжүүлж байж л мэдэх боломжтой байтал тэр бүр хайхрахгүй, тоохгүй явсаар байгаад харвалт, шигдээс зэрэг хүндрэл гарсан хойно өөрийгөө даралт ихсэх өвчинтэй байсныг олж мэддэг. Тиймээс л
даралт ихсэх өвчнийг олон улсад “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг.

Тэгэхээр даралт ихсэлттэй, эсвэл артерийн гипертензи  өвчинтэй эсэхээ яаж мэдэх вэ?

Даралтны аппаратаар зөв хэвжих! 

Даралтыг ямар аппаратаар, яаж зөв хэмждэг вэ?

·      Эмчид үзүүлэх үедээ, эсвэл эмнэлгийн байгууллагын даралт
хэмжигч аппаратаар, эмнэлгийн ажилтанаар хэмжүүлэх, 

·       Гэртээ мөн ажил дээрээ даралтын аппараттай болж даралтаа
өөрөө зөв хэмжиж сурах,

·       Эмнэлэгт хандаж 24 цагийн турш тасралтгүй хэмжих
зориулалттай даралтын аппарат зүүж хэмжүүлэх. Гэхдээ энэ арга нь танд үнэхээр
хэрэгтэй юу гэдгийг эмч хэлж өгнө.

 

Даралтаа зөв хэмжиж, хянаж өөрийн даралтын хэмжээг мэддэг болсны дараа өөртөө тохирсон эрүүл байдлаа удаан хугацаанд хадгалах, эрүүл амьдрах хэв маягуудыг хэрэгжүүлээрэй.

Юунаас эхлэх вэ гэвэл таны даралтыг ихэсгээд байгаа шалтгааныг, амьдралын буруу
хэвшил, зуршлыг олж мэдэх нь чухал. Жишээлбэл, тамхи татдаг бол тамхинаас
гарах, тамхитай орчноос зайлсхийх, аль болох шошгийн мэдээллийг уншиж эрүүл
хүнс сонгож зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийж эхлүүлэх, тууштай байх
гэх мэт. Хэрвээ та амьдралын хэв маягаа өөрчилсөн ч даралт өндөр хэвээр, эсвэл буурч байгаа ч хэвийн түвшин хүртэл буурахгүй байгаа бол эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн зэрэгцээ нэмэлтээр даралт бууруулах эмийг эмчтэй зөвлөж өөрт тохирсон эмийг тогтмол уухыг зөвлөе. Та насанд хүрсэн л бол даралтаа хэмжиж, хянаж сурах, даралт
ихсэлтээс сэргийлэх, эргэн тойрны хүмүүстээ сануулж анхааруулж байгаарай!