Хэвийн артерийн даралт гэдэг нь 120/80 буюу түүнээс бага байхыг хэлнэ. Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгч улмаар бай эрхтний (зүрх, тархи, бөөр, нүд, захын судас г.м) гэмтэлд хүргэдэг. Дээд даралт 20 ммМУБ-аар, доод даралт буюу зүрхний булчингийн амралтын үед таарах даралт 10ммМУБ-аар нэмэгдэхэд зүрхний өвчин, тархинд цус харвалт өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин ихэсдэг. Иймд, артерийн даралт ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй бол зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлтэй.
Артерийн даралтаа зөв бөгөөд тогтмол хэмжих нь даралт бууруулах эмчилгээний үр дүнг хянах, эмчилгээний дэглэм барилтыг сайжруулах ач холбогдолтой. Даралтын зураглалыг зөв гаргаснаар даралт бууруулах эмийн тунг зөв тохируулж, шаардлагагүй эмийн хэрэглээнээс болон эмийн тунг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлнэ. Та зүрх судасны эмчээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
Даралтны аппарат сонгохдоо юуг анхаарах вэ?
Даралт хэзээ ч хэдийд ч ихсэж, хаана ч харваж мэдэх гэмтэй тул энэ бүхнээс урьдчилан сэргийлж, өөрөө хэмжихэд тохиромжтой, хэмжилтийн дүн шууд харагдах боломжтой, баталгаатай сайн дэлгэц бүхий таны бугалгад таарсан аппарат авах ёстой. Хэт том эсвэл хэт жижиг аппарат, ухаалаг утасны аппликейшн зэрэг нь даралтыг буруу хэмждэг. Гэртээ даралтаа үзэхдээ
- 30 минутын өмнө хүнд зэргийн дасгал хөдөлгөөн хийх, хэт их идэх, кофе, цай, кока-кола уухгүй байх.
- Мөн артерийн даралтаа хэмжүүлэхээс өмнө 5-10 минут тайван суух, хэмжих үед ярихгүй байх.
- Цэх суух
- Гарын бугалга зүрхтэй ижил түвшинд байрлана.
- Хөлийн улыг шалан дээр бүтэн гишгүүлж, сандлын өндрийг тохируулж сууна.
Эцэст нь артерийн даралтыг 1-2 минутын зайтайгаар доод тал нь 2 удаа хэмжинэ.