| Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, даян дэлхийн хүн амд зүрх судасны өвчний үзүүлэх нөлөөг таниулах зорилгоор анх 1999 онд Дэлхийн Зүрхний Холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-тай хамтран жил бүрийн 9-р сарын 29-ний өдрийг Дэлхийн зүрхний өдөр болгон тунхаглан зарласан.
Зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний дутагдал зэрэг зүрх судасны эмгэгийн улмаас дэлхийд жил бүр 20.5 сая гаруй хүн амь насаа алдаж байна. Эдгээр нас баралтын дийлэнх нь бага, дунд орлоготой орнуудад тохиолддог. Бид энэ тоог бууруулах найдвар бий. Зүрх судасны өвчлөлийн улмаас нас барж буй хүмүүийн 80% нь урьдчилан сэргийлэх боломжтой. Бид амьдралын хэв маягаа бага зэрэг өөрчилснөөр Зүрх Судасны Өвчнийг даван туулж чадна. |
| Дэлхийн зүрхний өдрийг 2024 онд “Агаарын бохирдлыг бууруулж, зүрхний өвчний хямралыг даван туулцгаая” гэсэн уриатай зохион байгуулж байна.
Манай орны хувьд 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлын шалтгаантай байдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт ч агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Агаарын бохирдолд өртсөний улмаас эхийн хэвлийд байгаа ургаас эхлээд нялх нярай хүүхдүүд, насанд хүрэгчид гээд нас хүйс харгалзахгүй олон хүн зүрхний эмгэгээр эмнэлэгт хэвтэж байгааг манай орны судлаачид сануулсаар байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах, бохирдолд өртөхгүй байхын төлөө нийтээрээ тэмцэцгээе. ЭРҮҮЛ ЗҮРХНИЙ ТӨЛӨӨ ЭРҮҮЛ ОРЧИНГ БҮТЭЭЕ |