Menu Close

Гэр бүлийн дэмжлэг

ТАНЫ ХАЙРТАЙ ХҮН ЗҮРХНИЙ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ҮЕД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Зүрхний өвчтэй болсон хүн зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд ч томоохон сорилттой тулгардаг. Энэ үед хамтрагч болон ойрын гэр бүлийнхэн нь хамгийн чухал дэмжлэг, урам зориг, сэдэл өгөгч хүч болдог. Олон хосууд зүрхний өвчинтэй тулгарсан нь тэднийг илүү ойр дотно болгосон гэж ярьдаг.

Гэвч зүрх судасны өвчний хүндрэлийн үед зөвхөн өвчтөн бус, гэр бүлд ч мөн адил том дарамт ирдэг. Тэд өвчин, эмнэлэгт хэвтэх, эмчилгээний талаар санаа зовж, хүчгүй мэт мэдрэмж төрөх нь бий. “Хэрвээ би … байсан бол” гэх мэт гэмшил, сэтгэл санааны хэлбэлзэл, санхүүгийн дарамтын талаархи айдас зэрэг сөрөг мэдрэмжүүд нийтлэг. Энэ нь харилцааны чанарт болон өвчтөний эдгэрэлд нөлөөлж болзошгүй. Иймээс гэр бүлийнхэн өөрсдийгөө ч хамгаалж, эрүүл амьдралын хэв маяг баримтлах нь маш чухал.

СЭТГЭЛЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ

Зүрхний өвчтэй болсон дотны хүнээ дэмжих хамгийн сайн аргуудын нэг бол тэднийг сонсож, сэтгэлээ нээлттэй илэрхийлэх боломж олгох явдал. Тэдний айдас, бухимдал, ганцаардлыг ойлгож сонсох нь стрессийг бууруулж, өвчтэй хүний сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлнэ.

ӨВЧНИЙХ НЬ ТАЛААР ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙГААРАЙ

Оношлогдсон өвчний талаар сайн мэдлэгтэй байх нь тэднийг илүү ойлгоход, ганцаардлыг багасгахад тусалдаг. Мэдээлэлтэй байх нь юу хийх хэрэгтэй, юунаас болгоомжлох ёстойг зөв тодорхойлоход ч чухал.

АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЬ ДЭМЖИХ

Ямар ч өөрчлөлтүүд айдас төрүүлж, дарамттай байж болох ч тэд энэ өөрчлөлтөд дасах, амьдралын хэв маягаа өөрчлөхөөс өөр сонголтгүй болсон байгааг санаарай. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь танд ч тустай учир хамтдаа шинэ төлөвлөгөө гарга.
Жишээлбэл:

  • эрүүл хоол хийх
  • бясалгал, амьсгалын дасгал
  • хамтдаа алхах, салхинд гарах
  • тамхинаас татгалзах

Хамгийн хэцүү үедээ хажууд хэн нэгэн байгааг мэдрэх нь таны хайртай дотны хүнийг урам зоригтой, тогтвортой байлгах болно.

БОЛОМЖТОЙ БОЛ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ҮЕД НЬ ХАМТ ЯВААРАЙ

Хэрэв хамт явж чадахгүй бол эмчээс асуух асуултын жагсаалтаа бэлтгэхэд нь тусалж болох юм.

Хамгийн хэцүү мэдээг ч хамтдаа сонсох нь өвчнийг даван туулах хүч өгдөг.

ТА БҮХНИЙГ ӨӨР ДЭЭРЭЭ ҮҮРЭХ АЛБАГҮЙ

Олон асран хамгаалагч нар өвчтөний төлөө өөрийн хэрэгцээг үл тоомсорлох хандлагатай байдаг. Тэд гэрийн ажлыг илүү их хийх, байнга дэргэд нь байхыг хичээх, өвчтөнд сөрөг нөлөө гарна гэж айсандаа үйл хөдлөлийг нь хэт хязгаарлах тохиолдол бий.

Гэвч ийм хэт хамгаалсан хандлага нь өвчтөнд дарамт болж, мэдрэмжээ нуух, харилцаанд тогтворгүй байдал үүсгэх шалтгаан болдог. Иймээс:

  • нээлттэй, шударга ярилцах
  • өөрийн болон өвчтөний хэрэгцээг хоёуланг нь хүндэтгэх
  • бие биенийгээ дэмжих хэрэгтэй.

Хайртай хүнээ өвдөж шаналж байгааг харах нь асар их стресс өгдөг. Тиймээс та өөрөө:

  • хангалттай амрах
  • эрүүл хооллох
  • өөрийгөө халамжлах
  • сэтгэлзүйн мэргэжлийн тусламж авах нь танд ч, өвчтөнд ч тустай.

Мөн эдгэрэлтийн үйл явц урт хугацаанд үргэлжилж, олон хүчин зүйлээс хамаардаг тул хайртай хүнээ асрахдаа гэр бүл, найз нөхөд болон мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлээрэй.

Хэрэв та гэртээ зүрхний өвчнөөр оношлогдсон хэн нэгнийг асарч байгаа бол таны амьдралд юу өөрчлөгдөж болох, түүнийг хэрхэн даван туулах вэ? 

  • Та халамжлах үүрэг гүйцэтгэж байгаа тул өөртөө цаг зав бага байж болох юм. Таны хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг өөрийнхөө төлөө, хайртай хүнийхээ төлөө цаг заваа зориулж байгаа.
  • Хэрэв таны эхнэр/нөхөр бол бэлгийн амьдралдаа санаа зовно. Иймд бүх зүйл сайхан болно гэдэгт итгээд энэ талаар хостойгоо илэн далангүй ярилцаарай. 
  • Та хайртай дотны хүнээ энэ өвчин тусахгүй байж болох байсан, өөрийгөө буруутгаад гэм буруутай мэт бодоод ямар нэгэн зүйл хийх ёстой байсан гэж бодолгүйгээр эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа хэвшүүлээрэй. 
  • Танай гэр бүлийн амьдралд өөрчлөлт гарч байгаа тул хайртай хүнтэйгээ өрхийн санхүү, ажил эрхлэх байдал, бизнесээ сайн ярилцаарай. Ингэснээр шинэ амьдралдаа бэлтгэлтэй байна. 
  • Гэнэтийн асуудал гарахад найз нөхөд, хамаатан садан, хөршүүдээсээ тусламж аваарай. 
  • Хэвийн амьдрал тань өөрчлөгдөж байгаа тул та болон таны хайртай хүн сэтгэлээр унах, санаа зоволт нь ихсэж нойргүйдэх, өдрийн эрч хүч багасах, өвдсөн чадалгүй болсон мэдрэмж төрдөг. Эдгээр мэдрэмжүүд алга болоход таны биеийн байдал, сэтгэл санаа сайжрана шүү!

 

Эмчийн үзлэгт очихдоо эмчээсээ асуух зүйлээ тодруулж бичээд очоорой.

 

  • Эм уух зааварчилгаа?
  • Яаралтай үед үзүүлэх тусламжийн утаснууд?
  • Нөхөн сэргээх эмчилгээг хаанаас авч болох?

Ямар дасгал хөдөлгөөн хийж болох? гэх мэт

 

Зүрхний дутмагшил гэж оношлогдсон ч та зохистой хоолны дэглэм сахиж, тохирох дасгал хөдөлгөөн хийж, тогтмол эмийн эмчилгээ хийлгэснээр үүсч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой юм.

 

  1. Өөрт зовуурь, шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд анхаарч хяналт тавих

Амьсгаадалт бачууралт ихсэх, ханиалгах, хоолны дуршил буурах, хавагнах, шөнийн цагаар бачуурч дэрээ өндөрлөх нь зүрхний дутмагшил хүндэрч буйн дохио байж болох юм. Иймд дараахь зовуурь илэрвэл эмчид хандаж зөвлөгөө авна: 

  • Биеийн жин 2-3 хоногийн дотор 2-3 кг-аар нэмэгдэх
  • Хэвлий болон хөлийн шилбэ, шагай хавагнах
  • Ачааллын үед амьсгаадах
  • Шөнийн цагт амьсгаадалт нэмэгдэх, унтахад хүндрэлтэй болох
  • Хоолны дуршил буурах
  • Хуурай ханиалгах

 

Хэрэв дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж дуудах, эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандаарай!

  • Тайван үед амьсгаадаж, хүйтэн хөлс гарах, хөлрөх
  • Цээжний хүчтэй өвдөлт илрэх
  • Толгой эргэх, ухаан балартах
  • Шөнийн цагт хэвтэж чадахгүй амьсгаадах

 

  1. Цусны даралтны түвшинг тогтмол хянах (гэртээ цусны даралт хэмжих төхөөрөмжтэй болох, даралтаа тогтмол хянах)
  2. Эрүүл хүнс хэрэглэх (давс хязгаарлах, жимс, ногоо түлхүү хэрэглэх, өдрийн уусан шингэнээ хэмжих, дур мэдэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх)
  3. Шингэний хэрэглээгээ хянаж зохицуулах (зүрхний агших чадвар буурсан үед илүүдэл шингэний хуримтлал нь зовуурийг улам нэмэгдүүлдэг)
  4. Биеийн жингээ тогтмол хянах
  5. Хорт зуршлаас татгалзах
  6. Хөдөлгөөний идэвхитэй байдлыг хадгалах
  7. Эмээ тогтмол ууснаар амьдрах хугацааг тань уртасгана, зовуурийг багасгана, биеийг байдлыг сайжруулна, эмнэлэгт хэвтэх тохиолдлыг бууруулах тул эмчийн зааврын дагуу тогтмол эмээ уух