Menu Close

Сэтгэл гутрал, түгшил

Ихэнх хүмүүс зүрхний өвчний дараах амьдралын хэв маягтаа дасан зохицох явцдаа сэтгэлзүйн тэнцвэрээ сэргээж чаддаг. Гэсэн хэдий ч удаан хугацаанд үргэлжилсэн сэтгэлзүйн хүндрэл нь эдгэрэлд саад болж, дахин зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Зүрхний өвчнөөр өвдөх нь амьдралд томоохон цохилт болдог бөгөөд ихэвчлэн айдас, аргагүйдэл, өөртөө итгэх итгэл буурах, гуниглах зэрэг мэдрэмж дагалддаг. Энэ нь дасан зохицох хэвийн үйл явцын нэг хэсэг юм. Ихэнх өвчтөнүүд эдгэрэлтийн явцдаа болон өвчний дараах шинэ амьдралын хэв маягтаа зохицох явцдаа сэтгэлзүйн тогтвортой байдлаа аажмаар сэргээдэг.

Харин урьд нь дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болох, гутранги бодол давамгайлах зэрэг нь амьдралын хэв маягаа өөрчлөхөд саад учруулж болзошгүй. Айдас нь биеийн хөдөлгөөнөөс зайлсхийхэд хүргэж, улмаар биеийн эрүүл мэнд болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг.

Сэтгэл гутрал болон түгшүүр нь зүрхний өвчний дараа хамгийн түгээмэл тохиолддог сэтгэлзүйн хүндрэлүүд юм. Зүрхний өвчтэй хүмүүст сэтгэл гутрал эрүүл хүмүүстэй харьцуулахад гурав дахин илүү тохиолддог бөгөөд өвчтөнүүдийн 40 хүртэлх хувь нь хүнд хэлбэрийн түгшүүртэй байдаг. Сөрөг сэтгэл хөдлөлийг тогтмол мэдэрдэг хэрнээ түүнийгээ илэрхийлдэггүй хүмүүс сэтгэлзүйн дарамтад өртөх нь өндөр бөгөөд энэ нь амьдралын чанарыг мэдэгдэхүйц бууруулдаг.

Сэтгэл гутрал нь хүний бодол, мэдрэмж, үйлдэлд нөлөөлдөг. Сэтгэл гутралын зарим нийтлэг шинж тэмдэг:

  • Дуртай хийдэг зүйлээ сонирхохоо болих, гуниглах, сэтгэлээр унах
  • Гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрөх
  • Анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах
  • Сэтгэл санаа хямарч шийдвэр гаргахад хэцүү, өөртөө итгэлгүй байх
  • Архи, согтууруулах ундаа, тамхи татах хүсэл нэмэгдэх
  • Хоолны дуршил буурах
  • Жин хасах эсвэл нэмэгдэх
  • Өдөр унтах, өдөржин ядрах, нойргүйдэх
  • Өөрийгөө үнэ цэнэгүй гэж үнэлэх
  • Уур бухимдал, сэтгэл санааны хямрал нэмэгдэх
  • Ихэнхдээ аз жаргалгүй, гунигтай эсвэл зовлонтой мэдрэмжтэй байх
  • “Би азгүй”, “Хүмүүс надгүйгээр илүү сайхан байх байсан”, “амиа хорлох бодол төрөх” зэрэг сөрөг бодлууд давамгайлах

Дээрх шинж тэмдгүүдээс 2 ба түүнээс олон шинж илэрч байвал сэтгэлзүйчид хандаарай.

Сэтгэл түгшил хүн бүрд харилцан адилгүй байдаг ч зарим нийтлэг шинж тэмдэг байдаг:

  • Сандрах, үхчих вий гэхээс айх
  • Цээж бачуурах, хөндүүрлэх
  • Амьсгал давчдах, амьсгалахад хэцүү байх
  • Зүрх дэлсэх, зүрхний цохилт нэмэгдэх
  • Дагжин чичрэх
  • Дотор харанхуйлах
  • Хөлрөх
  • Нойр муудах

Зүрхний өвчтэй олон хүн сэтгэлийн түгшүүр мэдэрдэг. Гэвч түгшүүр нь хүнд тохиолддог хэвийн сэтгэлзүйн илэрхийлэл бөгөөд зөв аргаар удирдвал бүрэн зохицуулах боломжтой. Хэрэв та сэтгэлийн түгшүүртэй байгаа бол тусламжийг аль болох эрт авах нь эдгэрэлд хамгийн үр дүнтэй гэдгийг анхаараарай.