ЦУСАН ДАХ ХОЛЕСТЕРОЛ ГЭЖ ЮУ БОЛОХЫГ МЭДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ? Хүний биеийн бүх эсийн бүтцэд холестерол байдаг бөгөөд эсийг бүтэн, гэмтэлгүй байхад холестерол оролцдог. Гэхдээ цусанд байх хэмжээ нь хэвийн хэмжээнээс их болвол зүрх, судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас холестеролын талаар та заавал мэдэж байх хэрэгтэй. ХОЛЕСТЕРОЛ ГЭЖ ЮУ ВЭ? Нэрний хувьд тайлбарлая. Холестрол нь өөхөн бүтэцтэй учраас цусны эргэлтээр чөлөөтэй урсаж, ганцаараа очих ёстой эд, эрхтэндээ очиж чаддаггүй. Тиймээс цусанд байдаг уургууд холестеролыг зөөж, дагуулж явдаг гэсэн үг. Энэ уургуудыг липопротейн гэдэг. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь бага нягтралтай липопротеин (БНЛП) ба өндөр нягтралтай липопротеин (ИНЛП) юм. Түүнээс гадна триглицерид гэсэн өөх тос байдаг. Эдгээрийг хамтад нь нийт холестерол гэдэг. БАГА НЯГТРАЛТАЙ ЛИПОПРОТЕЙН (БНЛП) – ХОЛЕСТЕРОЛ Нягтрал багатай учраас хөвсгөр бүтэцтэй, том хэмжээтэй байдаг. Цусанд байх ёстой, хэвийн хэмжээнээс ихэсвэл судасны дотор хананд наалдана, дараа нь өөр хоорондоо давхарлагдаж хуримтлагдсаар өөхөн товрууг үүсгэдэг. Энэ товруу нь аль ч судасны хананд үүсч болно. Зүрхийг тэжээдэг нарийн судаснууд, хөлний судаснууд, тархины бичил судаснууд гэх мэт. Цусан дахь холестеролын хэмжээ нь нэмэгдэх тусам өөхөн товруу улам бүр томрох нөхцөл бүрдэнэ. Томорсоор судсаа бүрэн бөглөж, эсвэл товруу нь задарч шархлаад дээр нь бүлэн үүсээд судасны урсгалыг бүрэн хааж болдог. Энэ үед зүрхний зүрхний шигдээс, харвалт үүсдэг.
Тэгвэл цусанд байх ёстой, хэвийн хэмжээ нь хэд вэ? Таны биохимийн шинжилгээний өөх тосны үзүүлэлтэд БНЛП-ын хэмжээ хэд байх ёстой вэ? (< 190 мг/дл; < 5ммоль/л) Энэ хэмжээнээс өндөр байвал та өнөөдрийг хүртэлх өдөр тутмын хэв маягаа анзаараад үзээрэй: ямар төрлийн хүнс түлхүү хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн тогтмол хийж чаддаг уу гэх мэт. Өөртөө байгаа буруу зуршлыг засаж, өөрчлөхийн төлөө хичээж, тууштай байвал БНЛП- холестеролын хэмжээ 10-15%-иар бууруулах боломжтой юм. Дээрээс нь нэмээд цусан дахь холестерол бууруулах эмүүдийг эмчийн зөвлөсний дагуу уувал илүү үр дүнд хүрэх боломжтой. ИХ НЯГТРАЛТАЙ ЛИПОПРОТЕЙН (ИНЛП) – ХОЛЕСТЕРОЛ Сайн мэдээ гэдэг шиг энэхүү холестерол нь цусанд их байвал сайн гэж үздэг. Нягтрал ихтэй учраас, хөвсгөр биш, хэмжээ жижиг байдаг. Гэхдээ ИНЛП-холестеролын хэмжээг дангаар нь шинжилгээгээр үзэх нь тийм ч зөв арга биш, бусад төрлийн холестеролын хэмжээтэй зайлшгүй харьцуулж харах шаардлагатай. ЛИПОПРОТЕЙН (А) Энэхүү липопротейн нь таны гентэй холбоотой байдаг бөгөөд амьдралын туршид тийм ч их өөрчлөгддөггүй учраас амьдралдаа нэг л удаа үзэхэд хангалттай гэж үздэг. Гол зорилго нь холестеролын удмын эмгэгийг оношлох юм. Гэхдээ энэхүү шинжилгээг тийм ч түгээмэл хийдэггүй. Хэрвээ таны липопротейн А өндөр байвал бууруулах эмийн сонголт ч цөөхөн байдаг. Үүнд: 1) PCSK-9 дарангуйлагчид: БНЛП-холестериолыг бууруулах эсрэгбие бөгөөд давхар Lp(a)-ийн түвшинг ойролцоогоор 30% бууруулдаг; 2) аферез: таны биеэс Lp(a)-г шүүх диалез эмчилгээний нэг хэлбэр юм. ТРИГЛИЦЕРИД Триглицерид нь хүний биед байдаг хамгийн түгээмэл өөх тосны хэлбэр юм. Триглицеридын түвшин өндөр байх амьдралын буруу зуршил болох илүүдэл жин, таргалалт, архины хэрэглээ, суугаа амьдралын хэв маягтай холбоотой байдаг бөгөөд улмаар зүрх судасны өвчнөөр өвдөх шалтгаан болдог. Триглицеридийг бууруулах гол арга нь буруу зуршлаа засах байдаг. Дээрээс нь зөвхөн триглицеридийг бууруулдаг эмийг (фибратын бүлгийн эм) эмчийн зааврын дагуу, эмчийн зөвлөсөн хугацаагаар тууштай уух боломжтой байдаг. УДМЫН ГИПЕРХОЛЕСТЕРИНЕМИ Удамшлын гиперхолестериниеми гэж юу вэ? Удамшлын гиперхолестеринеми нь түгээмэл тохиолддог удамшлын өвчний нэг бөгөөд холестерины түвшин, ялангуяа БНЛП-холестерины түвшин өндөр байснаар залуучууд болон насанд хүрсэн хүмүүст зүрхний хүнд өвчин үүсгэдэг. Элэгний БНЛП-ийг задлахад оролцдог уургыг хариуцсан аль нэг генийн гажиг нь цусан дахь БНЛП-ийн түвшинг маш өндөр түвшинд байлгахад хүргэдэг. Удамшлын гиперхолестеринеми нь түгээмэл өвчний нэг. Удамшлын гиперхолестеринеми нь аутосомын давамгайлсан эмгэг гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь зөвхөн нэг гентэй байсан ч өвдөж болно. Энэхүү гентэй эцэг эхийн нэгээс төрсөн хүүхдүүд энэхүү генийг өвлөх болон өвчнөөр өвдөх магадлал 50 хувь байдаг. Үүнд өртсөн хүмүүсийн БНЛП-холестерины түвшин маш өндөр буюу 190 мг/дл (5 ммоль/л)- аас 400 мг/дл (10 ммоль/л) хооронд байдаг ба тэдгээр хүмүүс голчлон залуу насандаа зүрхний өвчин, зүрхний шигдээс, цус харвалтаар өвчилдөг байна. Удамшлын гиперхолестеринемитэй хүмүүс амьдралынхаа туршид өндөр БНЛП-холестерины түвшинтэй байдаг тул дөнгөж дөч гаруйхан насандаа зүрхний өвчин тусах магадлал өндөртэй байдаг. ЭМЧИЛГЭЭ Удамшлын шинжилгээгээр гэр бүлийн гишүүн уг өвчнөөр оношлогдсоны дараа гэр бүлийн бүх гишүүдэд хэлж шинжилгээнд хамрагдах ёстой. FH гентэй хүн зүрхний өвчин тусах эрсдэл өндөртэй байдаг тул амьдралын хэв маягаа өөрчлөх, өөх тосыг бууруулах эмийг залуу наснаасаа эхлэн хэрэглэх хэрэгтэй. Зүрхний эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр хэдэн арван жилээр урт насалж болдог. Зүрх, судасны эмгэггүй FH-тэй өвчтөнд БНЛП-холестерин 70 мг/дл (1.8 ммоль/л)-ээс бага, зүрх судасны өвчтэй FH-тэй өвчтөнд 55 мг/дл (1.4 ммоль / л) -ээс доош байх ёстой. Амьдралын хэв маягийн өөрчлөлтөд зүрхний эрүүл байдлыг хадгалахад тохирсон зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, ямар ч хэлбэрийн тамхийг татахгүй байх зэрэг багтдаг тул нэн даруй эхлэх хэрэгтэй. Амьдралын хэв маягийн өөрчлөлт нь ихэвчлэн БНЛП-ийн түвшинг ойролцоогоор 10-15 хувиар бууруулдаг тул липид өөх тос бууруулах нэмэлт эмчилгээ (ихэвчлэн статин) шаардлагатай байдаг. Эрт оношлох, эрт эмчлэх нь залуучуудад тохиолдож буй ноцтой шаардлагагүй, эрт үеийн зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх түлхүүр болдог гэдгийг санах хэрэгтэй. |
