Артерийн даралтын талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
Артерийн даралт ихсэх өвчин
оношлогдсон тохиолдолд даралтаа бууруулахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх,
эмийн эмчилгээ хийх шаардлагатай. Артерийн даралт ихсэлт нь тархины цус
харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, бөөрний дутагдлын гол шалтгаан
болдог. Энэ нь стресс, илүүдэл жин, давс хэтрүүлэн хэрэглэх, согтууруулах ундаа
хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байж болно.
Артерийн даралт гэж юу вэ?
Зүрх агших үедээ
цусыг биеийн бүх эрхтэн рүү шахаж, шим тэжээл, хүчилтөрөгчөөр хангадаг. Зүрхний
агшилтын үеэр судсан доторх цус артерийн судасны дотор хананд даралт үзүүлнэ.
Судасны хананд үзүүлж буй даралтыг артерийн даралт гэнэ.
Артерийн даралт хэт
өндөр байвал артерийн судасны хананд ачаалал өгч, судасны хананд холестерины
хуримтлал, атеросклерозын товруу үүсэхэд илүү өртөмтгий болгодог.
Товруу үүссэн
хэсэгт цусны бүлэн үүссэнээр судасны дотор хөндий хэсэгчлэн, эсвэл бүрэн
бөглөрөх шалтгаан болдог. Хэрвээ энэ нь тархины судсыг бөглөвөл харвалт,
зүрхний судас бөглөрвөл шигдээс үүсдэг. Аорт (биеийн гол судас) бөглөрвөл амь
насанд аюултай судасны задралд хүргэж болзошгүй.
Артерийн даралт
ихсэх нь зүрхний ачааллыг улам ихэсгэдэг. Удаан хугацаанд даралт ихсэлттэй
байснаар зүрхний булчин ачааллын улмаас зузаан, хөшүүн болдог бөгөөд энэ нь цаашдаа
зүрхний дутагдалт хүргэх аюултай.