Menu Close

Зүрх судасны өвчин гэж юу вэ?

Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь Монгол хүний өвчлөл, нас баралтын хамгийн нийтлэг шалтгаан юм. Өвчлөлийг ”Артерийн даралт ихсэх өвчин” тэргүүлж байгаа бол “Зүрхний шигдээс, тархины харвалт” нь нас баралтын шалтгаан дотор хамгийн их хувийг эзэлдэг. Эдгээр өвчнөөр өвдөхөд хүргэсэн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг “Эрсдэлт хүчин зүйлс” гэдэг. Үүнд: тамхи татах, цусан дахь холестерин хэвийнээс их байх, таргалалт, артерийн даралт ихсэх, чихрийн шижин, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг ордог.

Зүрх судасны өвчинд зүрх болон хүний биеийн бүхий л судаснуудтай холбоотой эмгэгүүд хамаарагддаг. Зүрх судасны өвчин хэрхэн үүссэнээр нь зүрхний булчингийн сулрал, хавхлагуудын эмгэг, төрөлхийн гажиг, зүрх нэгэн жигд ажиллаж чадахгүй болсон буюу зүрхний хэм алдагдал, судасны бөглөрөл, нарийсал зэргээр ангилж болно. Эдгээрээс хамгийн нийтлэг тохиолддог нь судасны дотор хананд өөх тосны товруу аажимдаа хуримтлагдаж, бөглөрөл үүсгэдэг судас хатуурлын “атеросклерозын өвчин” юм. Ямар эрхтний судас бөглөрснөөс шалтгаалж төрөл бүрийн өвчин үүсдэг. Тухайлбал: зүрхийг өөрийг нь тэжээдэг жижиг судас бөглөрвөл зүрхний шигдээс, тархины судас бөглөрвөл тархины цус харвалт гэдэг. 

Тодорхойлолт:

Атеросклероз нь голчлон холестерины хэмжээ олон жил өндөр байсан, ялангуяа “муу” холестерин буюу “бага нягттай холестерин” өндөр хүмүүст үүсдэг. Холестерол хэвийн хэмжээнээс ихсэх үед артерийн судасны дотор хананд наалдаж, өөр хоорондоо наалдаж хуримтлагдан улмаар үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэхүү товруу, дээрээс нь үрэвслийн процесс нь судсыг нарийсгадаг. Нарийссан судсаар тэжээгдэж байгаа эрхтэнд хангалттай хэмжээний хүчилтөрөгч, шим тэжээл очиж чадахгүй болно. Энэ нь хэрвээ хөлний судас нарийсвал алхах үед хөл нь өвдөх, зүрхийг цусаар хангадаг судас нарийсвал цээжээр өвдөх, бачуурах зэрэг шинж тэмдэг үүсгэдэг. Судасны нарийсал даамжирч бүрэн бөглөрвөл зүрхний шигдээс болдог.

Эрүүл амьдралын хэв маягийг сонгосноор ЗСӨ-өөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрвээ ЗСӨ-өөр өвдсөн бол эм болон мэс заслын аргаар эмчлэх, хүндрэлээс сэргийлэх боломжтой.